1974 оны нобелын шагналтан Гуннар Мюрдаль

Нийтлэгдсэн 4:22 AM Ангилал 1 comments

Стокголмын их сургуулийн профессор Гуннар Мюрдаль 1898 онд Шведийн ван Густавийн харъяатын нутаг Сольварбод төрсөн бөгөөд 1923 онд Стокгольмын их сургуулийн хуулийн салбарыг төгсөж өмгөөлөгчөөр ажиллаж байв. 1929 оноос Рокфеллерийн судалгааны төвд ажиллах болсон. 1927 онд мөнгөний тэнцвэрийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан ба үүнийгээ хожим Мөнгөний Тэнцвэр нэртэй ном болгож хэвлүүлсэн. Энэ бүтээлд инфляцийн мөн чанарын тухай нарийвчлан судалжээ. Тэрээр сонгодог эдийн засагчдийн номлодог мөнгөний тоон онолыг “өнгөц, бүдүүн баараг онол” гэж үзэв. Хэрэв банкны систем бизнесийн ашгийн нормоос бага хүүгээр зээл олговол олон ажил хэрэгч хүн түүхий эд авах, үйлдвэр байгуулах, ажилчин хөлслөхийн тулд зээл авна. Түүхий эдийн үнэ, цалин өсөхөд хүчин зүйл нийлүүлэгчид баяжиж илүү их худалдан авалт хийснээр бүтээгдэхүүний үнэ өснө. Бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ, түүхий эд авах, цалингаа нэмэхэд гар татахгүй болно. Ингээд л үргэлжлээд байна. Банкууд зээлийн хүүгээ ашгийн нормтой тэнцүү болтол өсгөвөл зээл авахгүй болно, үнийн ерөнхий өсөлт буюу инфляци зогсоно. Мөнгөний хүү ашгийн нормоос бага байхаас үүдэлтэй үнийн ерөнхий өсөлт нь тун адармаатай тэнцвэрт бус байдлын илрэл. Тэнцвэр алдагдсаны дараа өөр тогтвортой тэнцвэр тогтохгүйгээр үл барам тэнцвэргүйдэл улам алдагдаж болно. Ийм үзэгдлийг кумулятив процесс гэнэ.
Нийгмийн систем дэх хүчин зүйлүүд нэгнийх нь өөрчлөлт бусад хүчин зүйлүүдээ нөлөөлөх харилцан хамааралтай байдаг. Харилцан үйлчлэлийн ачаар бүх систем анхны өөрчлөлтийн чиглэлд, гэхдээ маш хол шилжиж чадах түлхэлт авдаг байна. Үйлчлэгч хүчнүүд системийг тайвны төлвийнх нь орчимд хэлбэлзүүлдэг хэмээх тэнцвэрийн онолоос кумулятив  хөгжлийн зарчим өөр юм. Явагдаж эхэлмэгцээ дараагийн хөгжлийн нөхцөлийг бий болгодог процессуудаар уг кумулятив зарчим хэрэгжинэ гэж Мюрдаль үзэж байв. Ө.х. Мюрдалийн мөнгөний тэнцвэрийг Вальрасийн ерөнхий тэнцвэртэй хольж хутгаж болохгүй. Ерөнхий тэнцвэрийн тохиолдолд тэнцвэрээс хазайвал зах зээлийн өөрийгөө зохицуулах механизм ажиллаж тэнцвэртээ буцаж ордог. Харин мөнгөний тэнцвэр тогтворгүй шинжтэй. Мюрдалийн мөнгөний тэнцвэрийн онол Ж.Кейнс, Ф.Хайек нарын мөнгөний талын судалгаанд шууд нөлөө үзүүлсэн гэж үздэг. Эдийн засаг ихээхэн субъектив ( хүнээсээ хамаардаг ) шинжтэй, маш мэдрэмтгий болж байна. Эдийн засаг хөгжлийнхөө явцад үйлдвэрлэл гэхээсээ мөнгөнөөс хамаардаг болж. Аливаа тогтолцоо, түүний дотор байгууллага, пүүсүүд хөгжих тусам дотоод холбоос нь улам нарийсаж гадны нөлөөг мэдрэх, хариу үйлдэлд орох чадвар нь ихсэж уян хармхай шинжтэй болдог байна. Эдийн засаг мөнгөний хуулинд захирагдаж буй нь дотоод бүтцээсээ хамаарч байгаа хэрэг.
1929 онд Мюрдаль Эдийн Засгийн Онолын Хөгжил дэх Улс Төр, Нийгмийн Элемент хэмээх анхны номоо хэвлүүлэв. Улс төрийн үнэт зүйлсийг эдийн засгийн шинжилгээнд хэрхэн холбож үзэх талаар энэ номд анх санаачлан оруулсан бөгөөд тухайн үеийн эдийн засгийн онолуудад нэлээд шүүмжлэлтэй хандсан байдаг.
1938 онд Мюрдаль Нью-Йоркийн Карнеги корпорацийн захиалгаар Америкийн хар арьстнуудын талаарх судалгаа хийж Негрүүдийн Асуудал ба Орчин Үеийн Ардчилал ном бичсэн байна. Энэ номдоо Мюрдаль эдийн засгийн тэнцвэрийн загвар ба кумулятив процессын динамик шинжилгээг хослуулжээ. Тэрээр баян хоосны ялгаа, боловсрол султай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал зэргийг агуулдаг кумулятив процессын учир шалтгааныг нухацтай судалж байлаа.
Мюрдаль математикжсан эдийн засгийн онолыг шүүмжилсэн байдаг. Тэрээр “эдийн засгийн шинжлэх ухаан нь хэт нарийн төвөгтэй математик арга хэрэгслүүдийг хэрэглэх албагүй. Харин улс төр, нийгмийн зохицуулалтын асуудлаар хүрээгээ тэлвэл зохистой” хэмээжээ.
1950-иад оноос Мюрдалийн сонирхол эдийн засгийн өсөлтийн онолд чиглэх болжээ. Түүнийг эдийн засгийн онол дахь нийгмийн хандлагыг үндэслэгч гэж үздэг. Тэрээр 1968 онд бичсэн Азийн Зовлон: Үндэстнүүдийн Ядуурал ба Дэлхий Нийтийн Ядуурлын эх Сурвалжийн Судалгаа номдоо амьдралын түвшний ялгаа, өвчлөлт, буурай хөгжилтэй орнуудын ажилгүйдэл, боловсролгүй, бичиг үсэг үл мэдэх явдал зэргийг авч үзсэн нь нийгмийн ухааны салбарт өндөр үнэлэлт авсан байна. “Азийн орнуудын ядуурал нь тэдний хоцрогдож хуучирсан институт ба нийгэм, эдийн засаг, оюун санааны бүх амьдралд нэвчсэн үзэлтэй холбоотой. Аж ахуйн техник эдийн засгийн шинэчлэлийн дүнд ард түмний нийгмийн амьдрал шууд л дээшилнэ. Хэмээдэг эдийн засгийн өсөлтийн онолууд буруу юм. Өмнөд Азийн хүн амд хөдөлмөрийн гэрээг биелүүлж, нягт нямбай, ёсчлон гүйцэтгэх мэдрэмж байдаггүй. Мухар сүсэг хүчтэй хэвээр бөгөөд шинэ соргог зүйлд огт мэдрэмжгүй. Санаачлах, турших, овсгоо гаргах, нэр хүндэд шунах юу ч байхгүй. Хүн амын ой ухаанд засаглалын өмнө дуулгавартай байх ойлголт гүн шингэсэн. Хамтаараа ажиллах чадвар муу. Энэ бүхэн техник эдийн засгийн шинэчлэлийг сааруулж, үр дүнг нь бууруулж хоцрогдлын туйлд аваачиж байна.” гэв.
Мюрдаль ба институционал эдийн засаг:
Тэрээр бүтээлүүддээ эдийн засгийн асуудлыг авч үзэхээс гадна улс төр, нийгмийн бүтэц тогтолцоо, хүн ам зүйн талаар дутуугүй анхаарч байв. Түүнийхээр эдийн засгийн субьектүүд орлого хөөцөлдөхөөсөө илүүтэйгээр соёлын хөгжлийг анхаарах хэрэгтэй юм. Мюрдалийг институциональ эдийн засгийн онолын эцэг гэдэг бөгөөд тэр “эдийн засаг дахь институцийн хүчин зүйлсийн нөлөөлөл нь зах зээлийхээс хамаагүй илүү бөгөөд эдийн засгийн үйл явцыг хэрэг дээрээ институцийн хүчин зүйлийн нөлөөлөл тодорхойлж байна.” Хэмээн үздэг байв.
Мюрдаль мэдлэгийн ерөнхий систем дэх нийгмийн шинжлэх ухааны эзлэх байр суурийг тодорхойлохыг зорьж байв. Тэрээр улс төртэй холбоогүй цэвэр эдийн засгийн хандлагыг шүүмжилж байлаа. Улс төр, үзэл суртлын норматив элементүүдийг аливаа шинжилгээнээс зайлуулах боломжгүй, нэг л гарц байгаа нь тэдгээрийг ил гаргах. Үнэлэмж, үзэл суртлаас ангид шинжлэх ухааныг босгох нь үнэт зүйлсийн шалгуурыг далдалж байгаа хэрэг. Эдийн засагчид зөвхөн шинжлэх ухааныг төдийгүй нийгмийг төгөлдөржүүлэх тэмүүлэлтэй байдаг учраас улс төрийн үзлийг тунхаглаж судалгааны элементээ болгохоос болгоомжлох хэрэггүй. Мальтус, Рикардо, Маркс, Кейнс нарын бүтээлүүд бүгд л улс төрчдөд зөвлөсөн, заасан өнгө аястай байсан гэдгийг Мюрдаль онцлон тэмдэглэж байв. Тэрээр сүүлийн зуу жилд эдийн засгийн онолд үзэл суртлын эзлэх байр суурийг ихээхэн хязгаарлаж ирснийг шүүмжилсэн.
1930-аад оны үед Мюрдаль Их хямралыг гэтлэхийн тулд сангийн бодлогыг идэвхжүүлэхийг зөвлөж байв. Хямрал уналтын үед бий болсон хомсдолыг уналтын дараах үеийн төсвийн илүүдлээр нөхөхийг санал болгов. Чухамдаа бол Шведийн сургууль, тэр дундаа Г.Мюрдаль Ж.Кейнсийн “Ерөнхий онол” гарахаас өмнө төрийн бодлогын загварыг боловсруулжээ. Тэрбээр Төлөвлөгөөт эдийн засаг ихээхэн тогтвортой байдгийг илрүүлж зүүний социалист орнуудтай гадаад худалдааг өргөжүүлэхийг санал болгож байв.
Мюрдаль интеграцийн асуудалд ихээхэн анхаарч байв. 1959-иад он бол колонийн систем задарч байсан үе билээ. “Дэлхий дахины зөрчлийг даван туулах боломжийг үндэстний болон олон улсын хэмжээнд эдийн засгийн интеграцийн зам дээр хайх хэрэгтэй. Аж үйлдвэржсэн орнуудад үндэсний интеграци хүчтэй явагдсан бөгөөд энэ нь эдийн засгийн амьдралд төр идэвхитэй оролцсоны үр дүн юм. Гэхдээ дэлхий нийтээрээ интеграцид орж чадахгүй байна. Хөгжилтэй орнууд дахь үндэсний интеграци нь эдийн засгийн өсөлтийн тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлснээр олон улсын интеграцийг саатуулж байна. Хэрэв интеграцийн зайлшгүйг ухамсарлаж, олон улсын эдийн засгийн интеграци хэрэгжих боломжтой юм. Ухамсартай зохицуулалт байхгүй бол дэлхийн эдийн засгийн хөгжил алгуурласнаас болж интеграци удааширч, тэр байтугай олон улсын зөрчил хурцдаж мэдэх юм” гэж бичиж байлаа.
Хүн амын өсөлтийг хянах, атар газрыг хувьчлах, эрүүл мэнд, боловсролын зэрэг салбаруудад гүнзгий шинэчлэл хийж байж эдийн засгийн өсөлт түргэсэж, нийгмийн бусад хурц асуудал шийдэгдэнэ. Төгс өрсөлдөөн оновчтой хэмээх итгэл үнэмшил нь хуваарилалтын асуудлыг авч үзээгүй үед л үнэн байж болох юм гэж Мюрдаль үзэж байв. Мөн тэрээр буурай хөгжилтэй орнууд нь байгалийн баялгаас хамаарч хөгжих цаг өнгөрлөө, харин өрнөдийнхний бодлого тэдэнд хөгжих үндсийг тавьж өгнө гэж хэлдэг байв.
Мюрдаль Женевийн Олон Улсын Институт, Стокгольмын их сургуульд тус тус багшилж байгаад улс төрд хүчээ сорьж Шведийн Социал Демократ намаас сенатад сонгогджээ. Тэрээр Шведийн Төв банкны Удирдах Зөвлөлийн гишүүн, Худалдааны Яамны сайд, НҮБ-н Европын Эдийн Засгийн Зөвлөлийн даргаар ажиллаж байв

Бэлтгэсэн: Б.Бадарч
Эх сурвалж: Нобелийн шагналт эдийн засагчид З.Манлайбаатар
www.wikipedia.org


Бичсэн:Б. Бадарч


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


1 comments

  1. Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

    ReplyDelete