Эссэ бичлэгийн уралдааны 3-р байрт орсон бүтээл

Нийтлэгдсэн 5:46 AM Ангилал 0 comments

СЭЗДС-ийн Санхүү Удирдлага 3-р түвшний оюутан Б.Заяа

Олон улсын худалдаа Макро эдийн засаг
Нэг зүсэм талхыг хувааж идээд нэг гэр бүлийн гишүүн бүр цадах үйл явцыг эдийн засаг гэнэ. Эдийн засаг хэмээх нэр томьёо нь гэрийн аж ахуйг удирдах гэсэн грек үгнээс гаралтай нь энэхүү шинжлэх ухаан хүн төрөлхтөнтэй хамт үүссэн гэдгийг өгүүлж буй мэт. Хэдий ийм боловч эдийн засгийн асуудлыг XVII-XVIII дугаар зуунаас эхлэн шинжлэх ухааны түвшинд судалж эхэлсэн байдаг байна. Онолын хувьд эдийн засгийн шинжлэх ухаан нь хамгийн бага зардлаар хамгийн их олз олох эсвэл хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хэрэглэх замаар нийгмийн хэрэгцээг оновчтой хангах арга замыг судалдаг ухаан юм.  
Гэрийн аж ахуйг удирдах ухааны нэгэн жишээг авч үзье. Манай хөрш айлд талхан дээр тавьж идэх цөцгий харин манай гэрт талх байна гэж үзвэл би гэртээ үнээ худалдан аваад, үнээндээ өвс худалдан аваад энэ бүхний дараа сүүг нь саагаад, сүүнээсээ цөцгий гарган авахын оронд хөрш айлын хаалгыг тогшин өөрт байгаа талхаа цөцгийгөөр солих санал тавьсан нь манай өрхийн хувьд зардал болон цаг хугацааны хувьд харьцангуй давуу талтай бол хөрш айлын хувьд гурил худалдаж авах, талх баригч авах зардлуудыг хэмнэн мөн давуу тал бий болж байгаа юм. Харин өрхүүдийн туйлын давуу байдлаа ашиглан солилцоо хийж буй нь эцэг эхэд маань эрсдэл ихтэй санагдсан тул хориг тавин долоо хоногт тодорхой тогтоосон өдрүүдэд л хөрш айлтай цөцгий талх солилцож байхыг үүрэгдсэн.
Энэ жишээ зөвхөн нэг өрхийн хувьд яригдаж байгаа ч энэ дээр гарч буй шалтгаануудын улмаас байгууллага хооронд, улс хооронд худалдаа хийгдэж байдаг билээ.  Макро эдийн засгийн түвшинд улс хоорондын худалдааг гадаад худалдаа, олон улсын худалдаа гэх нэршлүүдээр нэрлэдэг. Гадаад худалдааны хүрээнд экспорт, импорт хэмээх ойлголтуудыг авч үздэг бөгөөд өрхийн хувьд авч үзвэл манай гэрийн талх болон хөрш айлын цөцгий юм. Харин эцэг эхийн тавьж буй шаардлага нь улсын хувьд хэрэгжүүлэх гадаад худалдааны бодлогоор илэрдэг. Гадаад худалдааны бодлого нөхцөл байдлаас шалтгаалан олон хэлбэртэй байдаг ба үүнээс дурьдвал гаалийн татвар, импортын квот зэрэг юм. Гадаад худалдаа явуулснаар харьцангуй давуу тал болон туйлын давуу талууд үүсдэг. Туйлын давуу тал нь өрхийн хувьд манай гэрийн нууц жороор жигнэсэн  амтат талх бол харьцангуй давуу тал гэдэг нь хөрш айл хямд өртгөөр талх барьж чадах байдлаар илэрдэг.  
Гэр бүлийн гишүүн бүрийг жаргалтай байлгахын тулд би хөрш айлтай солилцоо хийж байгаатай ижил улсын иргэн бүрийн хэрэгцээг хангахын тулд гадаад худалдааг хийж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ

https://mn.wikipedia.org/wiki/ ~ Эдийн засаг
http://amar_ses.blog.gogo.mn/ ~ Эдийн засгийн онол Лекц 16
Баярдаваа, Б.,  Гансүлд, Д. (2006). Макроэкономикс (2 дахь  хэвлэл.). Улаанбаатар,  

       Монгол: Сэлэнгэпресс.


    


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


0 comments