Засгийн газрын зардал эдийн засагт нөлөөлөх нь

Нийтлэгдсэн 4:56 AM Ангилал 0 comments

Улс болгонд ялгаатай хэмжээний засгийн газрууд үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим улс оронд засгийн газар нь эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа явуулдаг бол зарим улс оронд тун бага оролцдог. Тэгвэл Монгол улсын хувьд манай засгийн газар ямар хэмжээгээр эдийн засагт оролцож байна вэ?
Дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3-г засгийн газрын зардал эзэлдэг. Гайхалтай нь Монголын эдийн засаг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг байх үед манай төсөв мөчөөгөө өгөөгүй бөгөөд маш хурдацтайгаар өссөн. Бүр гайхалтай нь  2008 болон 2012 оны сонгуулийн үеэр төсөв өмнөх жилээсээ 41 болон 26 хувиар өссөн байна.[1]

Засгийн газар урсгал зарлага, хөрөнгийн зардал болон эргэж төлөгдөх зээлийн гэх 3 үндсэн зардалд 2014 онд 7 их наяд 275 тэрбум төгрөгийг зарсан байна. Үүнээс урсгал зарлагад 5 их наяд 327 тэрбумыг зарсан, онцолж бичихэд цалин хөлсөд 1 их наяд 573 тэрбум төгрөг, татаас ба урсгал шилжүүлэгт 2 их наяд 209 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хөрөнгийн зардалд 1 их наяд 986 тэрбум төгрөг зарснаас хөрөнгө оруулалтад 1 их наяд 689 тэрбум, их засварт 55 тэрбум гэх мэт зарцуулсан байна. [2]


Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн өсөлт маш өндөр байсан хэдий ч инфляци мөн ялгаагүй өндөр байсаар ирсэн. Шалтгаан нь засгийн газар эдийн засагт орж ирсэн их хэмжээний мөнгийг зах зээлд шууд нийлүүлсэн(хүмүүсд зүгээр л тараасан). Үүнээс үүдэн эдийн засгийн өсөлт бага орлоготой хүмүүсд ямар ч хэрэгцээгүй болсон. Энэ бол засгийн газар томрон буруу үйл ажиллагаа явуулснаас эдийн засагт хэрхэн нөлөөлж болохыг харуулсан жишээ юм. Засгийн газар тухайн үед орж ирсэн их хэмжээний мөнгийг баялагийн сан эсвэл тогтворжуулалтын сан гэх мэт сангуудад байршуулсан бол эдийн засгийн хямралтай өнөө үеийг бид хялбар давж чадах байсан бөгөөд бага инфляци тогтвортой эдийн өсөлттэй байх байсан. Байгалийн баялаг ихтэй мөртлөө тогтвортой өсөлттэй улс орнуудын ихэнх нь байгалийн баялагаас орж ирсэн мөнгийн ихэнхийг эдийн засагт нийлүүлэхгүйгээр санд байршуулсан байдаг.
Эдийн засагт орж ирж буй мөнгийг засгийн газар, хувийн хэвшил 2-н аль нь илүү үр ашигтайгаар ашиглаж чадах нь тухайн мөнгийг зарцуулдаг бол эдийн засагт маш эерэгээр нөлөөлөх болно. Гэвч бодит байдал дээр үүнийг хэмжих боломж байхгүй. Ихэнх тохиолдолд хувийн хэвшилийнхэн илүү ашигтай ажиллаж чаддаг. Учир нь төрд авлигал, хүнд суртал болон нийгмийн бүлгэмүүдийн ашиг сонирхол зэрэгтэй холилдсоноор төр тухайн мөнгийг үр ашигтай зарцуулахад илүү хүнд байдаг. Тийм учраас засгийн газрын хэмжээг аль болох бага байлгах нь зүйтэй. Цаашдаа хөгжингүй орнууд шиг засгийн газар нь ил тод үйл ажиллагаа явуулдаг болсон цагт л засгийн газраа хэмжээгээ томруулж болох юм.




[1] 1212.mn-с авсан тоон мэдээлэл
[2] Монгол улсын 2014 оны нэгдсэн төсвийн тооцоолол, задаргаа

Судалгааг хийсэн: Э. Золбаяр


Нийтлэлийг бичсэн

Намхай Д. Facebook


0 comments